Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан сургалт дуусах шатанд орж байна. Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар хийж буй ийнхүү сургалтыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноосэнэ оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд тэр нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдаж байна. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 3000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлжээ. Өчигдөр орой Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс хамтран онлайн сургалт зохион байгуулав.Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисст ажиллах албан хаагчдад зориулсан ийнхүү сургалтыг нээж Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ, юуны өмнө сонгуулийн хууль тогтоомж, журмыг сайтар судлах, сонгууль зохион байгуулахтай холбоотой төсөв, зардлыг журмын дагуу зөв зүйтэй зарцуулах, санал авах өдөр цагийг хатуу баримталж ажиллах, бичиг баримтын хөтлөлтөд анхаарах зэрэгт сургалтад хамрагдагсдын анхаарлыг хандууллаа.