66 дугаар зүйл.Сонгогч саналаа өгөх
66.1.Сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэй ирж, саналаа биечлэн өгнө. Сонгогч саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө.
/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
66.2.Сонгогч энэ хуулийн 59.4.2-т заасан хэсэгт нэг нам, эвсэлд саналаа өгнө.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
66.3.Сонгогч санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар тэмдэглэнэ.
66.4.Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас хэрэглэж саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.
66.5.Сонгогч саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа тухайн сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хийнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
66.6.Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно.
66.7.Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно.
66.8.Хэсгийн хороо хураалгасан саналын хуудасны зүүн доод өнцгийг хайчлан, тэмдэглэл хөтлөн хадгална.
66.9.Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар саналаа өгч болно.
66.10.Энэ хуулийн 66.9-д заасан итгэмжилсэн иргэн нь хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлэхийг хориглоно. Сонгуулийн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, ажиглагч, улс төрийн албан тушаалтан нь итгэмжилсэн иргэн байж болохгүй.
66.11.Хэсгийн хороо санал авах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, сонгогчийн саналаа нууцаар өгөх эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг таслан зогсоох арга хэмжээ авна.
66.12.Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах талаар шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлж болно.
66.13.Сонгогчид дараах зүйлийг хориглоно:
66.13.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
66.13.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
66.13.3.саналын хуудсанд тэмдэглэсэн санал, саналын хуудасны зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;
/Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
66.13.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;
66.13.5.аль нэг нэр дэвшигч, нам, эвслийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.
/Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
66.14.Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх аливаа тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
66.15.Сонгогч саналын хуудаст саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно. Энэ хуулийн 66.9-д заасан итгэмжилсэн иргэнд энэ хэсэг хамаарахгүй.
66.16.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
661 дүгээр зүйл.Гадаад улсад байгаа сонгогч санал өгөх
/Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./Хэвлэх
661.1.Салбар комиссын бүрэлдэхүүн гадаадад санал авах өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт ажиглагч, эсхүл сонгогчийн төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсаны дараа салбар комиссын дарга дараах мэдээллийг хийж тэмдэглэл хөтлүүлнэ:
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
661.1.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тоо;
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
661.1.2.хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоо;
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
661.1.3.саналын хуудасны нэгдсэн дугаар.
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
661.2.Салбар комисс энэ хуулийн 661.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал авах ажиллагааг эхлүүлэх бөгөөд салбар комисс сонгогчийн иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудсыг дугтуйн хамт олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
661.3.Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
661.4.Энэ зүйлд өөрөөр заагаагүй бол гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаанд энэ хуулийн 65, 66 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
661.5.Салбар комисс санал авах ажиллагааны тухай тэмдэглэл хөтөлж бүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тэмдэг дарах бөгөөд уг тэмдэглэлд дараах мэдээллийг заавал тусгана:
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
661.5.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоо;
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
661.5.2.саналын хуудас авсан сонгогчийн тоо;
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
661.5.3.саналын хуудас дахин авсан сонгогчийн тоо;
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
661.5.4.ажиглагчийн нэрс;
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
661.5.5.санал авах өдрийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл.
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
661.6.Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн энэ хуулийн 59.4.2-т заасан хэсэгт саналаа өгнө.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./