Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх

63 дугаар зүйл.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа

63.1.Дараах сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна:

63.1.1.эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;

63.1.2.Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;

63.1.3.захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч;

/Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

63.1.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;

63.2.Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадалгааг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар хүргүүлнэ:

63.2.1.эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч тухайн байгууллагын захиргаанд;

63.2.2.бусад тохиолдолд өөрийн харьяа хэсгийн хороонд.

63.3.Энэ хуулийн 63.1.1-д заасан сонгогч нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол тухайн сонгогчийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.

63.4.Энэ хуулийн 63.1.1, 63.1.2, 63.1.3, 63.1.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага уг хүсэлтийг тодорхойлолтын хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө өөрийн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

63.5.Сум, дүүргийн сонгуулийн хороо энэ хуулийн 63.4-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө тухайн сонгогчийн харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

63.6.Хэсгийн хороо болон хэсгийн хорооны дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадалгаа, тодорхойлолтыг хүлээн авч дараах ажиллагааг хийнэ:

63.6.1.тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг итгэмжлэгдсэн ажилтны оролцоотойгоор нягтлан шалгах;

63.6.2.тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогч биш бол харьяалах хэсгийн хороонд нь мэдэгдэж хасалт хийлгэх;

/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

63.6.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, хэсгийн хорооны дарга зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах хуваарь, чиглэлийг батлах.

63.7.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу нийслэл, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд оршин байгаа газарт нь очиж авна.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

63.8.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.

63.9.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн иргэний үнэмлэхийг нь шалгасны үндсэн дээр саналын хуудас олгоно.

63.10.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байгаа газар дараах этгээд байхыг зөвшөөрнө:

63.10.1.санал авч байгаа газар нь иргэний орон байр бол тухайн иргэний гэр бүлийн гишүүн;

63.10.2.тухайн газар нь эмнэлэг болон түүнтэй адилтгах байгууллага бол хүнд өвчтөн;

63.10.3.ажиглагч;

63.10.4.хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч.

63.11.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд өөр өөр нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөлөл бүхий хоёроос доошгүй ажиглагчийг оролцуулж болно.

63.12.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааны аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцан ажиллах бөгөөд энэ хуулийн 63.1.3, 63.1.4-т заасан сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах ажиллагааны аюулгүй байдлыг тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

63.13.Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталж, мөрдүүлнэ.

64 дүгээр зүйл.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөхХэвлэх

64.1.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч санал бэлтгэх зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйд хийнэ.

64.2.Дугтуйд хийсэн саналын хуудсыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ.

64.3.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглоно.

64.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан санал авах байранд санал өгөх журмыг баримтална.