Нийслэлийн сонгуулийн хороо нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны“Нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай” 99 дүгээр тогтоолоор байгуулагдаж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн 515 хэсгийн хороонд 4,635 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад онцгой байдлын байгууллага, мэдээллийн технологи, эрүүл мэндийн байгууллага, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан зэрэг нийт 5,285 төрийн албан хаагч ажиллаж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 15 нам, 1 эвслийг оролцохоор хүсэлтээ ирүүлсэн бөгөөд сонгуульд оролцуулахаар бүртгэж, тогтоол гаргасан билээ.
Мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох эрхээ авсан 10 нам, 1 эвслээс 281 нэр дэвшигч, 1 бие даан нэр дэвшигч нийт 282 нэр дэвшигч баримт бичгээ бүрдүүлэн Нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлснээс баримт бичгийн шаардлага хангасан нийт 276 нэр дэвшигчийг бүртгэн, тогтоол гаргаж, өнөөдөр үнэмлэхийг гардуулж байна.
Нийт нэр дэвшигчдээс эрэгтэй 176, эмэгтэй 100 нэр дэвшигч байгаа бөгөөд УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллаж байсан 2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан 20 нэр дэвшигч байна.
Мөн нийт нэр дэвшигчдээс дээд боловсролтой 262, үүнээс эрх зүйч 59, санхүү, эдийн засгийн мэргэжилтэй 41, бүх төрлийн инженер 33, бизнесийн удирдлага 24, багш 22, улс төр судлаач, сэтгүүлч, аялал жуулчлал, эмч зэрэг мэргэжилтэй байна.
Нэр дэвшигчдийн дундаж нас 42 бөгөөд үүнээс хамгийн залуу нэр дэвшигч 20 настай, хамгийн ахмад нэр дэвшигч 67 настай нэр дэвшиж байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 45 мандат, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийт 313 мандаттай бөгөөд Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нийт 1,357 нэр дэвшигч нэр дэвшиж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчдэд үнэмлэх олгосон өдрөөс буюу өнөөдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлж байна.
Ингээд Та бүхнээс Сонгуулийн тухай хууль тогтоомжийг чанд мөрдөж, сонгуулийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг хүсэж байна.
Та бүхэнд амжилт хүсье.