“Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн ажлын зохион байгуулалт” сэдэвт нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын өргөтгөсөн хурал боллоо. Хурлаар сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил, санал авах байрны бэлэн байдал, сонгуулийн зохион байгуулалтын талаар сургалт зохион байгуулж, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Л.Хосбаяр үүрэг даалгавар өглөө.
Хуралд нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүд, дүүргүүдийн Сонгуулийн хорооны дарга нар болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд оролцов. Мөн энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэн болон бусад мэргэжилтнүүд сонгуулийн зохион байгуулалтын талаар сургалт зохион байгуулсан юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос нийслэлийн Сонгуулийн хороог 2024 оны 23 дугаар тогтоолоор нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо дүүргүүдийн сонгуулийн хороог байгуулах, санал авах байруудад ажиллах боловсон хүчнийг сургах, гэрчилгээ олгох, сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч нарыг бүртгэх, сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотойгоор сонгогч шилжих асуудлыг шийдвэрлэх, саналын хуудас хэвлүүлэх, санал авах байрыг бэлтгэх зэрэг сонгуулийн зохион байгуулалттай холбоотой ажлуудыг хуулийн хугацаанд хийж хэрэгжүүлж байна. Тодруулбал:
Нийслэлийн хэмжээнд нийт 513 хэсгийн хороонд Мэдээлэл технологийн баг, Итгэмжлэгдсэн ажилтан, Санал авах байрны даамал зэрэг нийт 5,886 төрийн албан хаагч ажиллаж байна.
Санал авах нийт 513 байрнаас төрийн өмчийн объектод 467, хувийн өмчийн объектыг түрээсэлж байгаа 46 санал авах байр байна.
Нийслэлийн хэмжээнд 17 нам, хоёр эвслийн 379 нэр дэвшигч, 12 бие даан нэр дэвшигч нийт 391 нэр дэвшигч байна.
Нийслэлийн тойргуудад нэр дэвшсэн нийт 391 нэр дэвшигчдээс 240 нэр дэвшигч, жагсаалтаар 217 нэр дэвшигч, 14 нам, эвслийн цахим орчинд ашиглах хаягийг бүртгэсэн ба тойрогт нэр дэвшигчдээс 126 нь менежерийн үнэмлэхээ авч, нийт 2,316 шадар туслагчийн үнэмлэхийг олгоод байна.
Нийслэлийн 391 нэр дэвшигчдээс 121 нэр дэвшигчид нийт 27,585 ухуулагчийн үнэмлэх олгож, 3,879 тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэж, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх 5,459 олгоод байна.
Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Л.Хосбаяр дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль хосолсон тогтолцоогоор явагдаж байгаатай холбоотойгоор сонгогчдоос санал авах, тоолох ажиллагааг зохион байгуулахад сонгогчдод хүндрэл учруулахгүй байх, санал өгөх сонгогчдын дараалал үүсгэхгүй байх зэргийг харгалзан санал авах байрыг бэлтгэх, бүхээгийн тоог байрны хэмжээнд нэмэгдүүлэх;
Санал авах байрны аюулгүй байдалтай холбоотойгоор галын болон бусад эрсдэлийг тооцож, бэлтгэх, цахилгааны найдвартай байдлыг хангах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
Санал авах байрны хаяг байршил шалгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах, сонгуулийн тойрог, тогтолцоо, санал өгөх заавар, саналын нууцлалын хавтас ашиглах зааварчилгаа, бэхэн тэмдэглэгээ, хяналтын тооллого зэрэг цогц мэдээллийг агуулсан материалыг хэсгийн хороод өрх бүрээр тараахдаа зориулалт, ямар мэдээлэл байгааг тайлбарлаж тараах;
Саналын хуудсыг Сонгуулийн Хэсгийн Хороодод тараахад анхаарах
Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах журмын дагуу сонгуулийн хэсгийн хороод саналын хуудас хүлээн авсан мэдээг хуульд заасан хугацаанд ирүүлэх;
Саналын хуудасны аюулгүй байдалд анхаарах;
Тоо зөрсөн тохиолдолд сери, дугаараар тулгаж мэдээлэх;
Туршилтын санал хураалтыг 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна. Туршилтын санал хураалтын явцад саналын хуудсыг илүү эсхүл дутуу уншуулахгүй байхад онцгой анхаарах, бичлэг хийх;
Туршилтын санал тоолох явцад албан хаагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр оролцуулж, ажил үүргийн хуваарилалтыг танилцуулна.
Санал дугуйлах үзэг зэрэг бусад жижиг хэрэглэгдэхүүнийг санал тоолох төхөөрөмж, саналын хуудас хадгалагдаж буй сэйфээс тусад нь хадгалах.
Зөөврийн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд анхаарах;
Санал тэмдэглэх зааварчилгаа бүхий зурагт хуудсыг санал авах байр бүрийн гадна байрлуулах;
Хяналтын тооллогын санал авах байранд байрлуулсан хяналтын камерын доор зохион байгуулах бөгөөд иргэд, сонгогчид, нам, эвсэл, нэр дэвшигчийн ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажиглах боломжийг нээлттэй зохион байгуулах;
Дүүрэг хариуцаж байгаа Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл, технологийн багийн мэдээллийг хэсгийн хороодод хүргүүлж, мэдээлэл технологийн албан хаагчдыг мэдээллээр хангах;
Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэсэн, саналыг хуудсыг таньж уншаагүй алдаа гарсан саналын хуудасны зүүн доод буланг хайчилж, тэмдэглэл хөтлөн санал тоолох машины дэргэд байрлуулсан хүчингүй саналын хуудасны хайрцагт хийж, сонгогчийн саналын нууцлалыг алдагдуулахгүй ажиллах;
Санал авах байрны харуул, хамгаалалт болон галын аюулгүй байдлыг сайтар хангах;
Дүүргийн сонгуулийн хороонд хуваарилсан төсвийг эдийн засгийн ангиллын дагуу оновчтой зөв хуваарилж хэмнэлттэй зарцуулах, зардлыг өөр зориулалтаар хэрэглэхгүй байх, санхүүгийн анхан шатны баримтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн ажиллах;
Архивын баримт бүрдүүлэлтийг хангаж ажиллах, хүлээлгэж өгөхийг үүрэг болгов.