Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед зохион байгуулах талаар Нийслэлийн сонгуулийн хороо, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хороо болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын өргөтгөсөн хурал 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15:00 цагт боллоо.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч, тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа сонгогч, тусгай чиг үүргийн дагуу үүрэг гүйцэтгэж буй албан хаагч нар, гэрээр тусгаарлагдаж эмчлэгдэж байгаа сонгогч, ойрын хавьтал болж гэрийн ажиглалтад байгаа сонгогчдоос зөөврийн саналын хайрцгаар санал авах үйл ажиллагааг зохион байгуулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон Санал авах байрны инженерийн шугам сүлжээний (цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус) найдвартай байдлыг хангах талаар хуралдлаа.
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Т.Оюунчимэг сонгуулийн үйл ажиллагааны явцад болон ойрын хугацаанд болох үйл ажиллагаанд анхаарч ажиллах үүрэг чиглэлийг өглөө.